✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанаар Мутацлагдсан Коронавирусын дельта хувилбарын тухай Эрүүл мэндийн төвийн мэдээлэл, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын тайлан, 2021 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний танилцуулга, хүүхдийн зуслан барих газар төлөвлөлтийн ажлын явц, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, 2022 оны төсвийн төсөл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг авч хэлэлцлээ.
✅Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва коронавирусийн Альфа, Бета, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай бөгөөд судалгаагаар 25-50 насны хүмүүсийг өвчлүүлэх хоруу чанартай болохыг онцоллоо.
✅Дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын талаар Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.
✅Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Б.Нацагдорж 2021-2022 он дамжин хэрэгжих 46 төсөл хөтөлбөр, улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 65 төсөл арга хэмжээ, дүүрэг болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 53 арга хэмжээ тус тус хэрэгжих талаар танилцууллаа.
✅Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой урсгал болон бүрэн засварт орсон сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон талаар болон сургууль, цэцэрлэгийн багш нарын 97 хувь буюу 2890 багш нар дархлаажуулалтад хамрагдсан болохыг танилцууллаа. Мөн коронавирусийн цар тахалтай холбоотой энэ хичээлийн жилийн элсэлтийн хувьд төрийн болон төрийн бус өмчийн 48 цэцэрлэгт 4, 5 настай хүүхдүүдийг бүртгэх ажил бүрэн хийгдэж дууссан байна.
✅Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Хүүхдийн зуслан барих газар төлөвлөлтийн ажлын явцын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, 2022 оны төсвийн төсөл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн танилцуулгын талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Ариунаа нар тус тус танилцуулсан.
✅Хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчны аюулгүй байдал, цэвэрлэгээ, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болголоо.