Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн амд сүрьеэ өвчний 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингээрээ 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр өвчлөлтэй 22 улсын тоонд багтаж байна.
Иймд ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэгт эрсдэлт бүлгийн 5700 орчим хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус үзлэгийн зорилго нь сүрьеэгийн цогц тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй зохион байгуулж, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэн, эмчилгээний үр дүнг ахиулахад оршиж байгаа юм. Үзлэгийг 2022 оны наймдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 08-ны хооронд зохион байгуулах бөгөөд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны 1-3 дугаар бүлгийн өрх, иргэдийг бүрэн хамруулах юм.
Өнгөрсөн жилийн хувьд эрсдэлт бүлгийн 3900 орчим хүн хамрагдсанаас 5 хүнд сүрьеэ илэрсэн бол энэ жилд Эмнэлзүйн багийг байгуулж, нян судлалаар илрэхгүй байгаа сүрьеэг халдвар тараахаас нь өмнө илрүүлэх боломжтой болж байгаа юм.