Жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиолдог. Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сайн туршлага судлах, солилцох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцлээ.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Мөнгөншагай болон дүүргүүдийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн 149 дүгээр жишиг сургууль, Биеийн тамир спорт хороо, БИТ-3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбооны ажлын байруудад зочилж, туршлага солилцлоо.

Тухайлбал дүүргийн 149 дүгээр сургууль нь Япон улсын Засгийн газрын тусламжтай баригдсан бөгөөд 2020 онд ашиглалтад орсон. Тус сургуульд одоогоор 800 гаруй суралцагч суралцаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй сурагч суралцах боломжтой орчин бүрдүүлсэн жишиг сургууль юм. Тухайлбал тус сургуулийн давхар бүрт тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах тусгай зориулалтын танхимыг тохижуулсан бөгөөд налуу шат, баррель үсэг зэргийг суурилуулсан байна. Мөн суралцагчдын аюулгүй байдлыг хангасан хаалга, шал, ирмэггүй хана, болон газар хөдлөлтөд тэсвэртэй зэрэг жишиг болсон сургууль юм.

Энэ арга хэмжээг зохион байгуулснаар дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлүүдийн уялдаа холбоо сайжирч, дүүрэгт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй орчин бүрдүүлэх, мэдээллээр хангах, чадавхжуулах эерэг үр дүн бий болгох зорилготой юм.

DSC 1166

DSC 1137

DSC 1130

DSC 1111

DSC 1099

DSC 1167

DSC 1170

DSC 1172

DSC 1191