Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.

ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.

Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх

  • Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй.
  • Хууль Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанд оролцох эрхтэй.

Энэ хууль дараах арга хэмжээ зохион байгуулахад үйлчлэхгүй:

  • төрийн ёслолын болон төрийн эрх бүхий байгууллагаас зохион байгуулж байгаа жагсаал, цуглаан ;
  • иргэд, байгууллага улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх асуудалтай холбогдолгүй сэдвээр зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, баяр наадмын болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ;
  • төрийн болон улс төрийн нам, төрийн бус байгууллагаас иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчидтэй хийх хурал, уулзалт;
  • аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ.

Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа

  • Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгөх,эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.
  • Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.

Дараах иргэн, хуулийн этгээд жагсаал, цуглаан хийхийг хориглоно

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

Засгийн газрын харьяа яам, агентлаг жагсаал цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

Жагсаал, цуглаан хийхийг хориглох газар

  • нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
  • цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
  • радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
  • олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
  • эмнэлгийн байгууллага;
  • Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт /Төрийн ордны 30 метр газар хүртэлх/

Дараах зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно:

  • дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах;
  • үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох.
  • жагсаал, цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах агуулга, шинжтэй болбол уг жагсаал, цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно.
  • Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.
  • Онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглаанд энэ зүйлийн З дахь хэсгийн заалт үл хамаарна.
  • Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно.
  • Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглоно.
  • Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС