Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-ийн удирдагч Саймон Пов, төслийн санхүүгийн зөвлөх Петр Файрклот, төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр, Төслийн багийн удирдагч Ц.Энхчимэг нарыг өнөөдөр (2022.08.04) хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус дүүрэгт хэрэгжиж байгаа төслийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах чиглэл болон хог хаягдлын санхүүгийн менежментийг сайжруулах олон улсын сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн (УБАХХЦТМ) төсөл нь Чингэлтэй дүүрэгт 2019 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн үр дүнд дүүргийн 7, 12 дугаар хороонд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг 500 өрхөд суурилуулжээ. Мөн хог тээврийн машин очиход хүндрэлтэй өндөрлөг газарт стандартын хогийн цэг байгуулж, үүсмэл хог үүсдэг 18 байршилд нарны эрчим хүчээр ажилладаг зөөврийн хяналтын камерыг суурилуулах ажлууд тус тус хийгдсэн байна.

Төслийн хүрээнд хороо бүрд дахин боловсруулах боломжтой дахивар хог худалдан авах, иргэдийн хог ангилан ялгах дадал хэвшлийг бий болгох, ойлголт мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны “RECYCLE SHOP” цэгийг байгуулахаар ажиллаж байна.