Өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран, баталгаажуулав. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх юм.
Тэр дундаа “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулах юм. Эхний шатанд Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх ба урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгохоор зорьж байна.
Мөн түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллах юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул уг санаачилгын эерэг боломжуудыг онцолж хэлэхдээ “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал нэмэртэй үйл явдал болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, бохирдлыг бууруулж, байгаль орчин болон манай оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна.” гэдгийг дурдлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр "Энэ хамтын ажиллагаа нь Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхам юм. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь техникийн туршлага, сургалт явуулах бол дүүргийн засаг захиргаа санхүүжилтийг гаргаж, төсөлд хамрагдах өрх болон байршлуудыг тодорхойлж, системийн засвар үйлчилгээг хариуцах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүрэг төдийгүй Улаанбаатар хотыг бүхэлд нь цэвэр, ногоон ирээдүй рүү чиглүүлэх чухал алхам юм.