Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хойд бүсийн хороодын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх ажлын хүрээнд дүүргийн 13 дугаар хороонд “Хайлааст амбулатори”, 14 дүгээр хороонд “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил явагдаж байна.
Үүнээс “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Харин “Хайлааст амбулатор”-ийн барилга 2018 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ч гүйцэтгэгч компаниас шалтгаалж ажлын явц удаашралтай, гүйцэтгэл дутуу явж байгаа юм.
Тухайн асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, хэдэн жил дамнаж царцсан байдлыг тодруулж, барилгыг гэрээний хугацаанд багтаан стандарт, нормд нийцүүлэн чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцад тогтмол хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэгч тал болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.