ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо хамтран Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн харьяат 16 нас хүрч байгаа хүүхдүүдэд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нээж, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Тэргүүн Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, 1-24 дүгээр хороодын Засаг дарга нар хүрэлцэн ирж 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 400 гаруй өсвөр үеийн залуусын төлөөлөлд Батламж гардуулан түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болохыг хүсэн ерөөлөө.
Мөн тус “Иргэний андгай өргөх ёслол”-ын үеэр 16 нас хүрч “Монгол Улсын иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудад Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА