Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг Чингэлтэй дүүрэг 2024 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авлаа.
Илгээлтийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болон дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир, дүүргийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Л.Энхбаатар нарт гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч М.Болд Чингэлтэй дүүрэг Хөлбөмбөгийн стандарт талбай байгуулсан цөөн аймаг, дүүргийн нэг бөгөөд “Нийтийн биеийн тамир”, “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг дүүрэгтээ амжилттай хэрэгжүүлж байгаа явдалд талархлаа илэрхийллээ.
Энэ үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан “Хайрхан” хөгжлийн төвийн хөлбөмбөгийн талбайг зөвхөн дулааны улиралд ашиглаж байгаа бол цаашдаа хөлбөмбөгийн холбоотой хамтран Төв аймагт байгуулсан дөрвөн улирлын турш ашиглаж болохуйц хөлбөмбөгийн талбай бий болсонтой адил битүү болгохын төлөө судалгааны ажил хийж байгаа, мөн хууль бусаар олгогдсон талбайг чөлөөлж, Чингэлтэй дүүргийн иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай, спортын барилга байгууламжуудыг барихаар төлөвлөн, ажиллаж байгаагаа хэллээ.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдлийн гоол” ирэх 4 дүгээр сард хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд сургуулийн багш нарт зориулсан МХБХ-ны “D” ангиллын сургалтыг 2024 ондоо багтаан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг хэрэгжүүлнэ.