Хонхны дуу жингэнэж, хүүхэд багачуудын инээд цалгисан эрдмийн их өргөө олны хөлд дарагдаж, хичээлийн шинэ жил эхэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
 
2022-2023 оны хичээлийн шинэ жилд 77,753 хүүхэд сургуулийн босгыг анх удаа алхаж, нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Тодруулбал, энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 1472 цэцэрлэгт 303,727 хүүхэд, 854 сургуульд 746,653 хүүхэд суралцана.
 
Засаг дарга юуны өмнө хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлээд, “Боловсролын салбар дахь "Ялгааг арилгая" зорилтын хүрээнд цэцэрлэг бүр олон улсын хөтөлбөртэй болох, хангамжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэх, барилгыг сайжруулах, сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах, багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2021, 2022 онуудад төсвийн дэмжлэгийг шийдвэрлэн ажилласныг онцлон тэмдэглэв.
 
Мөн “5 дугаар сургуулийн өргөтгөл тун удахгүй ашиглалтад орно. Ингэснээр нийслэлийн төвийн нэгэн сургууль өргөжиж, сурагчдадаа үзүүлэх боловсролын хүртээмж нэмэгдэх боломжтой боллоо.
Бид боловсролын хүртээмжээс гадна чанарт анхаарах ёстой. Тухайлбал, зэргэлдээ орших хоёр сургуулийн хооронд чанарын ялгаа гарч болохгүй” хэмээлээ.
Эрдмийн их аянд хөл тавьж, эрдэм номд шамдан суралцаж буй сурагч оюутан, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.