Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банк (АХБ)-ны техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байна. Төсөлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 18, 19 дүгээр хороод хамрагдаж байгаа ба төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар төслийн багийнхны уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
 
Уулзалтад дүүргийн Засаг даргын Орлогч, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг, Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас хамтран хэрэгжүүлж буй "Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2"-ийн Зохицуулагч Ц.Болормаа, зөвлөх, багийн ахлагч Т.Энхцэцэг, болон холбогдох албан хаагчид оролцлоо.
 
Уулзалтаар “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-д хамрагдах өрхүүдийг сонгох, өрхүүдээр зочилж буй коуч нар болон хороодын холбогдох албан хаагчдыг чадавхжуулах сургалтад үе шаттайгаар хамруулах, төслийг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах зэрэг асуудлуудаар харилцан санал солилцсон юм.
 
 
Төслийн удирдагч Т.Энхцэцэг- нийслэлийн Чингэлтэй дүүргийн хувьд дүүргийн Засаг даргын 2022 оны А/269 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, төслийн хүрээнд хийх ажлын удирдамж хөтөлбөрийг батлан, холбогдох харьяа байгууллагуудад үүрэг чиглэл өгч үйл ажиллагааг идэвхжүүлэн, идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь сайшаалтай байна гэдгийг онцлоод, төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.