ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО, ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орж, иргэд тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой боллоо. Уг эмнэлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бум консртакшн” ХХК барьж ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Идэрцагаан, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, ахмад ажилтан албан хаагч нар оролцлоо.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат “Манай дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж шаардлагын түвшинд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Үүнийг сайжруулах зорилгоор 10 дугаар хорооны нутаг дэвсэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар төлөвлөж, барилга барих газрыг амжилттай чөлөөлсөн. Одоо тендер зарлагдаж, барилгын ажил эхлэх л үлдээд байна. Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрт илрүүлгийн төв баригдаж байгаа бөгөөд ирэх 3-4 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж эрс дээшлэх болно” хэмээн онцоллоо.