“Шинэ сэргэлт-Чингэлтэй” санаачлагын хүрээнд хөрсний бохирдол түүний хор уршгийн талаар мэргэжлийн судлаачдын санал дүгнэлт, зөвлөмжид үндэслэн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэр гаргагчид болон иргэдийг мэдээллээр хангаж, хөрсний бохирдлоос сэргийлэх шийдэл олох зорилгоор "Асуудал шийдэл" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ санаачлан зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, 1-24 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.
“Улаанбаатар хотын хөрсний бохирдол”, “Чингэлтэй дүүргийн хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах арга зам”, “Хашааны хөрс сайжруулах арга зам, хөрс сайжруулах технологиуд” сэдэвт илтгэлийг Монголын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор, П.Оюунбат, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын доктор Ө.Ганзориг, Хөрсний лабораторийн эрхлэгч Ц.Болормаа нар тавьж хэлэлцүүллээ. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдолтой дүйцэхүйц хор хөнөөл үзүүлж буй нэг хүчин зүйл нь хөрсний бохирдол юм.
Утаа шиг харагдахгүй ч хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хөрсний бохирдлыг нүхэн жорлон, хашаандаа ухсан жорлон, муу усны нүхүүд үүсгэж буй. Нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй энэхүү сэдэвт юуны өмнө Чингэлтэй дүүрэг анхаарал хандуулж тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг судалгаа шинжилгээтэй мэдээ, мэдээллийг хүргэв.