Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Шинжээч Д.Гэрэлтуяа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Төлөөлөгчийн газраас Л.Итгэл, Азийн хөгжлийн банкны төв салбарын Олон улсын зөвлөх Палак Равал, Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс Хөтөлбөрийн зохицуулагч Б.Болормаа, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл, төслийг хэрэгжүүлэгч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх бүрийн сонгосон бизнест тохируулан тус бүр 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг олгосон юм.
Үүнээс 205 өрх бизнесээ сонгон тоног төхөөрөмжөө авч, 2 өрх нь бизнесээ сонгоогүй ч төсөлдөө идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна.
Туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс төсөл хэрэгжүүлэгч нэгжид танилцуулж, дүүргийн ажлын хэсгийн гишүүд туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот өрхүүдийг шаардлагатай нийгмийн үйлчилгээнд хамруулах, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес, нийгмийн оролцоог дэмжих талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудал болон цаашид төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Азийн хөгжлийн банкны төв салбарын Олон улсын зөвлөх Палак Равал, туршилтын хөтөлбөрийн хугацаанд болон цаашид хэрэгжилтийн болон бодлогын түвшинд хариуцсан байгууллага бүр өөрсдийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өрхөд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал, арга хэмжээг тусгасан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө.