БӨХИЙН БААСТЫН ДУРСГАЛ ХҮНДЭТГЭЛИЙН САМБАРЫГ БАЙРШУУЛЛАА
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын 100, 101 насны ойд зориулан түүний дурсгал хүндэтгэлийн самбарыг амьдарч байсан байшин буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгатын 22 дугаар байрны хананд байршууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн тогтоолоор байршуулж буй хүндэтгэлийн самбарыг залах ажиллагаанд түүний гэр бүл, төрөл төрөгсөд, зохиолчид оролцлоо.
Бөхийн Бааст нь 1921 онд Хуучнаар Ховд аймгийн Алтанцөгц сумын нутагт Улаач босгоч хэмээх газар төрсөн. 1940 онд Улаанбаатар хотод байгуулагдсан анхны 10 жилийн 1-р сургуулийн 9-р ангид орж суралцаад, 1942 онд Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р ангийг төгссөн.
1942-1945 онд МУИС-ийн Мал эмнэлэг, зоотехникийн ангид суралцаж байгаад 1945 онд сургуулиа орхижээ. 1945-1947 онд МХЗЭ-ийн төв хороонд “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгчийн ажил хийж байгаад 1946 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хороонд шилжин ажиллаж насан эцэслэтлээ мэргэжлийн зохиолч гэж явжээ.
Мөн зохиолч Б.Бааст нь МЗЭ-ээс Монголын хөдөө орон нутаг болон Хятад, Герман, Вьетнам, Унгар, Польш, Чехословак, Грузин, Румын, Оросын Горный-Алтай зэрэг улсуудаар сурвалжлага, нийтлэл бичих үүрэг даалгавраар томилогдон ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч, нийтлэлч байсан юм.