Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 4, 5, 6 дугаар хороонд “Иргэдээ сонсъё” уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш хангалтгүй байгааг дурдаад үүнийг сайжруулахын тулд ямар ямар ажил хийж байгаагаа танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг аль болох иргэдэд ойртуулж, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо. Тухайлбал, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд засвар хийж, тус үйлчилгээг 2-3 байршилд нэмж байгуулан ажиллаж байгаа юм. Цаашлаад “Нэг цэгийн үйлчилгээ”-г 24 цаг тасралтгүй ажиллуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа. Тодруулбал, байрны сантехник, дулаан хангамжийн угсралт тоног төхөөрөмжийг сайжруулж өгөх, автомашины зогсоол хүртээмжийг нэмэгдүүлж өгөх, шинээр баригдаж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулах, 5 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлыг хурдан шуурхай дуусгаж ашиглалтад оруулах, хог ачилтын талаар анхааралдаа авч өгөхийг хүслээ.
Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ. Уулзалтад дүүргийн хэлтэс албадын дарга нар болон тухайн тойргоос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.