ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОХ “ХАМТДАА ӨӨРЧЛӨГДЬЕ – ХАМТДАА ХӨГЖЬЕ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсох, хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гэрийн бүлийн гишүүдээ асардаг эцэг эх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилготой “Хамтдаа өөрчлөгдье – Хамтдаа хөгжье” уулзалт, өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа, Биеийн тамир, спорт хорооны хэлтсийн дарга Ц.Баянмөнх болон хороодын дарга, холбогдох хэлтэс албадын дарга нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Н.Батсүмбэрэл уулзалтыг нээж үг хэллээ.
Чингэлтэй дүүрэгт 4400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 500 гаруй нь хүүхэд юм. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний талаар болон дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад ирсэн иргэд дүүргийн удирдлагуудад хандаж санал хүсэлтээ хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол нийгмийн халамжийн асуудал бөгөөд тэднийг орон сууцаар хангах төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгалаа. Мөн асаргаанд байгаа хүүхдээ хардаг эцэг эхийг дэмжих, тэднийг төрийн уян хатан бодлогоор харж хандах хуулийн зохицуулалт хэрэгтэй байгааг хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх хүсэл дүүрэн байдаг. Хэдийгээр аж ахуй нэгж байгууллага 25 хүнээс дээш ажилтантай бол 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ёстой боловч энэ ажил хөрсөн дээр буухгүй байна гэж иргэд саналаа хэллээ. Тиймээс энэ зохицуулалтыг цаашид анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажил хийх хүсэл сонирхлыг нь дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн болон төрийн тусламж үйлчилгээг авахад орчны болон тухайн иргэний бэрхшээлийн онцлогыг харгалзан зохицуулалт хийж өгөхийг хүсэв. Жишээлбэл зарим нэг төрлийн үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэг бүхий хаягжуулалт хийх, тэргэнцэртэй, таягтай иргэдэд зориулсан налуу шат, үйлчилгээний орчин нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүслээ.
Чингэлтэй дүүргийн зүгээс энэ оны байдлаар “Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх журам”-ын дагуу 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохих журмын дагуу нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг тогтмол сонсох, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажиллах хэрэгтэйг Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.
Мөн Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн таатай мэдээг дуулгалаа. Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос дүүргийн харьяатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжоор хангаж байна. Үүнд: - Фитнесс, нисдэг таваг, ширээний шагай, нийтийн бүжиг, иог хийн дасгал, Боучи гэсэн 6 төрлийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжтой юм.
Дүүргийн Засаг даргын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрахын зэрэгцээ өрхийн бичил бизнес эрхлэгч иргэдийн гарааны бизнесийг дэмжин 15 дугаар хорооны иргэн А.Ундармаа, 19 дүгээр хорооны иргэн Д.Цэвээнсүрэн, 7 дугаар хорооны иргэн Х.Эрдэнэбаатар нарт батламж гардуулан, дэмжлэг үзүүллээ.
Уулзалт, өдөрлөгийн үеэр иргэдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэж байна. Мөн жижиг үйлдвэрлэл эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
317937108 5700301220048551 2721109069511950945 n
317986348 5700303560048317 2188116974530108043 n