ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам болно.
Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.
- 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;
- Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;
- Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;
- Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;
- Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.
Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.
Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/eVySJwMimk