Чингэлтэй дүүрэг төрийн өмчийн 20, төрийн бус 9 гээд нийтдээ 29 сургуультай. Улсын 16 сургууль Чингэлтэй хайрхныхаа өврөөр налайн буйн гэр хорооллын бүсэд байрладаг. Намрын шамарга, өвлийн хүйтэн, хаврын халшрам урт өдрүүдэд нийслэл хотын маань гэр хорооллын сурагчид нийтийн автобусанд томчуудтай чихэлдэж ар, өврөөс нь зүүгдэх нь холгүй явдаг нийтлэг бэрхшээл бидэнд бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ бэрхшээлээсээ гарахаар хаа, хаанаа л анхаарч, хичээн ажиллаж буй.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “СУРГУУЛИЙН АВТОБУС” төсөл тусгалаа олсны дээр бодит байдалд биелэлээ олсоор байна.
Энэхүү төслийн хэрэгжилтийг Чингэлтэй дүүрэг ханган ажиллаж эхний ээлжинд зургаан сургуульд “Сургуулийн автобус” хүлээлгэн өгч багш, сурагч, эцэг эхчүүдийг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа нар Ерөнхий боловсролын зургаан сургуульд “Сургуулийн автобус”-ыг хүлээлгэн өглөө. Хүүхдийн автобус хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн гадаа талбайд болсон юм.
Автобус хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Эдгээр автобусууд бол нийслэл, дүүргийн өмч биш. Сургуулийн өмчлөлд шилжиж буй хүүхдүүдийн өмч юм шүү. Сургуулийн зүгээс тогтмол арчилгаа үйлчилгээг нь хийж ажиллаарай. Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдын төлөөллөөс сургуулийн эргэн тойрны засмал замд хашлага хийж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Үүнийг шийдэж 152 метр газрыг тусгай хаалт тавьж хүүхэд сурагчдын аюулгүй зорчих бололцоог бүрдүүлсэн. Цаашид та бүхнийхээ хүсэлтийг сонсож, хэрэгжүүлэхээр дүүргийн зүгээс хичээн ажиллана” гэв.
Сургуулийн эцэг эхийн төлөөлөл Э.Баярбат: “Хүүхдүүдийг маань эрүүл, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж байгаад талархаж байна. Дүүргийн удирдлагууд энэ сайхан төслөө дүүргийн бүх сургуулиудад хэрэгжүүлэх байх. Тэгвэл эцэг эхчүүд бидний хувьд том дэмжлэг болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Ийнхүү дүүргийн удирдлагуудаас 39, 49, 72, 117, 140, 149 дүгээр сургуулиуд сурагчдаа гэр, сургуулийн хооронд айх аюулгүй зорчих цоо шинэхэн, хүүхдийн долоон автобустай боллоо. Өмнөх жилүүдэд 117, 149, 73 дугаар сургуулиудыг “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг хүргэсэн гэдгийг нь энд дурьдахгүй өнгөрч боломгүй.
Хүүхэд бүр сургуульдаа айх аюулгүй, амар тайван, аз жаргалтай очих боломжийг нээж буйд эцэг эхчүүд баярлаж байгаагаа уг үйл явдлын үеэр илэрхийлж байлаа.