Жэрэс Олон Улсын Байгууллага, Монголын Эмэгтэйчүүдийн Сантай хамтран Европын холбооны Свиш Азиа-II хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Дулаан шийдэл-II” төслийг 2022-2026 онуудад хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь байгальд ээлтэй, дэвшилтэт технологиор гэр хорооллын айл өрхүүдийн байшин сууцыг дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын системтийг нэвтрүүлэх зорилготой юм. “Дулаан шийдэл-I” төслийг 2018-2022 онуудад амжилттай хэрэгжүүлж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийтдээ 2000 айл өрхийг хамруулсан бөгөөд энэ онд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхээр төслийн багийнхан дүүргийн удирдлагуудтай санал солилцож, хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Жэрэс ОУБ-ын суурин төлөөлөгч Элиан Жарри, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн гүйцэтгэх захирал Б.Агни нар төслийг хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж зорилтот хороодод төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.
Энэхүү төсөлд Барилгын үндэсний ассоциаци, ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын ногоон санхүүжилтийн корпораци хамтран оролцож байна.