Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайг хянах Камерын нэгдсэн төв өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тэгвэл уг төвийн үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишгийг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүст өнгөрсөн амралтын өдөр дүүргийн удирдлагууд танилцуулав.
“Нийслэлийн хэмжээнд анхдагч болох Камерын нэгдсэн төв нь дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо буюу байшин хорооллыг иж бүрэн камержуулалт хийж дуусаад байна. Мөн дүүргийн 12, 21 дүгээр хорооны 317 га газрыг камержуулах ажлын судалгаа хийж хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цаашлаад үлдсэн гэр хорооллын бүсийн хороодыг энэ онд үе шаттайгаар камержуулах ажлыг төлөвлөж “Ногоон бүс” болгохоор ажиллаж байгааг” Засаг дарга Н.Батсүмбэрэл дурдлаа.
Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 50 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 70 хувиар өссөн тоо баримтыг Цагдаагийн байгууллагаас хэллээ. Шинээр суурилуулсан камерууд нь -40C+40C градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны ямар ч хүчдэлийг даах хүчин чадалтай юм.