Чингэлтэй дүүрэгт нийслэл, дүүргийн төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд явагдсаар байгаа билээ. Тодруулбал дүүргийн 1-6 дугаар хороог “Ногоон бүс” болгох бүтээн байгуулалт, тохижилтын ажил, мөн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн газар чөлөөлөлт, төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг барих газар чөлөөлөлт, 1.7 км 4 эгнээ зам зэрэг ажлууд явагдаж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, болон дүүргийн удирдлагууд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүст дүүргийн Камерын нэгдсэн төв, дэд бүтэц барих, газар чөлөөлөлт зэрэг томоохон ажлуудыг танилцуулав.
Тухайлбал, камерын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагааг жигдрүүлснээр дүүргийн хэмжээнд 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо буюу байшин хороолол иж бүрэн камержуулалттай ногоон бүс болж, гэмт хэргийн тоо 50 хувиар буурах судалгаа гарсан байна. Камерын нэгдсэн төвийн серверийн хүчин чадал, бичлэг хадгалах хугацааг 360 хоног болгосноор гудамж талбайд байрлуулан I-7 стандартын орчин үеийн камерыг суурилуулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Манай дүүрэгт өрнөж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад дэмжлэг үзүүлж ажиллах”-аа илэрхийлье гэв.
Бүтээн байгуулалттай танилцах ажлын хүрээнд дүүргийн 10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар баригдах олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн газар чөлөөлөлтийн ажлын явцтай албаныхан танилцав. Чингэлтэй дүүрэг өөрийн төсвөөр буюу 6,8 тэрбум төгрөгөөр нийтдээ 2,8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгасан. Одоо барилгын зураг төслийг Азийн хөгжлийн банк гаргаж, барилгын компанийн тендерийг зарлах үлдээд байгаа юм.
Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын Цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 1.7 км, 4 эгнээ туслах замын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй “Экспресс зам” компаний захирал н.Чинбат уг замыг 2023 оны 10 дугаар сар гэхэд 7 метрийн өндөртэй 1.7 км 4 эгнээтэйгээр хүлээлгэн өгнө гэв.
Дүүргийн 9 дүгээр хороонд газар чөлөөлөлтийн ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд уг газарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон төрөх эмнэлэг баригдах юм. Төрөх эмнэлэг барих газар чөлөөлөлтийн байдал, төсөв санхүүжилт болон гэр хорооллыг барилгажуулах ажил эрчимтэй хийгдэж буйд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.