Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд “Нью Семетри” ХХК Чингэлтэй дүүргийн 20-дугаар хороо Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын тохижилтын ажил эхлээд явж байна. Тухайн ажлын явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа танилцлаа. Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хийгдэж дуусах юм.
Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.
Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөжээ.