“Олон улсын Ахмадын өдөр” тохиож буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны хамт олныг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна.  Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. 

 Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр өдгөө  31 дэх жилтэйгээ золгож байна. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн, сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулсан ахмад үеийнхний түүхэн гавьяа хэмжээлшгүй. 

Тийм ч учраас  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эрх баригч МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Монгол Улсын урт хугацааны  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод дундаж орлоготой иргэдийг дэмжих тусгайлсан зорилт дэвшүүлж, амьдралын чанарт ач холбогдол өгч байгаа нь төр засгийн зүгээс орлогын тэгш бус байдлын эсрэг цогц байдлаар анхаарал хандуулж буйн илэрхийлэл болж буй. Өнөөдрийн байдлаар  Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Ахмадуудын амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд  хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуульд цогц өөрчлөлт хийснээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх  үе шатыг эхлүүлээд байгаа юм. Ийнхүү Монголын төрөөс “Монгол хүн – Монголын баялаг” гэсэн  үзэл санаанд үндсэн зорилгоо зангидан ажиллаж байна. 

Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлого бодит байдалд хэрхэн хэрэгжиж буйн бодит жишээ нь Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооныхон.  Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд тэтгэвэрт гарсан хойноо ч   гар хумхин суудаггүйг үлгэрлэн харуулдаг  олон ахмад Чингэлтэй дүүрэгт амьдран суудаг.

1992 онд анх байгуулагдсан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо  эгнээндээ 17400 гаруй ахмадыг нэгтгэсэн  том бүтэцтэй. Дүүргийн 24 хороонд, Ахмадын 24 зөвлөл ажилладаг.  100 ба түүнээс дээш насны гурван ахмад энэ хороонд  амьдран суудаг бол Хөдөлмөрийн баатар долоо, Ардын цолтон 11, Гавьяат цолтон 108 бий.  Хийсэн ажил, хэлэх үгтэй, улс орондоо ихийг хийж бүтээсэн олон сайхан ахмадыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагынхан орчин үетэйгээ хөл нийлүүлэн хороо, дүүргээс зохион байгуулж буй аливаа ажилд манлайлан оролцдог.   Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан учраас  Ахмадын хорооныхон ч бүтээлч үйлдвэрлэлийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа ажээ. 

Тэд Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хэрэгжүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд  2022-2025 оныг хүртэл “Нас ахиуг сонсъё-Ёс ахиуг дагая” уриан дор гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг удирдлагууд нь онцолж байна. Энэ хүрээнд үндэсний уламжлалт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд, соёлын өв тээгч, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, гадаад дотоодын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй, бага хүүтэй урт хугацаатай  зээл болон төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг онцгойлон анхаарч байгаа аж. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга  болон  Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэйгээ нягт  хамтран ажилладаг байна. Энэ ажлын үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй ахмад өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, соёлын бүтээлч үйлдвэрлэгч ахмадуудыг хагас тэрбум гаруй төгрөгийн зээл, тусламж, санхүүгийн дэмжлэгт хамруулаад байгаа ажээ.  Ингэснээр “Үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудын өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжрах. 

Улмаар  ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх, уламжлалт хөдөлмөр соёлын өвөө залуу үедээ өвлүүлэх зэрэг олон  талын эерэг үр дүн гарна. Үүний төлөө бид зорьж ажилладаг” хэмээн Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа онцолж байна.  

Чингэлтэй дүүргийнхэн   2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй.  Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн үйлдвэр эрхлэгч ахмадууд идэвхтэй дэмжин оролцож байгааг олон жишээнээс харж болно. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Ахмадын хороо, ЗДТГ,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран        “Хамтран ажиллаж-Харилцан суралцъя” сургалт үзэсгэлэнг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд ахмадууд идэвх санаачилгатай оролцсон байна.  

Энэ үеэр  дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, өв тээгч  ахмад Н.Чимэддорж,  МУСГЗ, соёлын өв тээгч, уран хатгамалч З.Цэнгэлсайхан, уламжлалт аргаар арвайн гурил үйлдвэрлэгч С.Түдэвванчиг  нарт тус бүр нэг сая төгрөг,  IV хорооны ахмад,  Угийн бичиг хөтлөх арга зүй сургалтын багш, дүүргийн биет бус соёлын өв тээгч  Ч.Чулуунчимэг, XII хорооны ахмад,  Монгол шагайн харвааны үндэсний дархан мэргэн Г.Чулуунбямба нарт тус бүр таван сая төгрөгийн  санхүүгийн буцалтгүй дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн дүүргийн ИТХ-ын тогтоолын дагуу 2001 оноос хойш жил бүр “Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн” тус бүр гурвыг тусгай болзол, журмын дагуу шалгаруулан урамшуулж иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа ажээ.  

91aa8c359a08947e42359fbd1f7bb879