Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Т.Уламбаяртай ярилцлаа.
-Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-өөс хэчнээн төрлийн, ямар үйл ажиллагааг явуулж байна вэ. Та эхлээд төвийнхөө үйл ажиллагааг танилцуулна уу?
-Чингэлтэй дүүргийн ИТХ-аас анх 2011 онд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дүрмийг баталж, байгуулсан байдаг. Улмаар Засаг даргаас бүтэц, орон тоог нь баталснаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн. 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ төвийг би 2021 оноос удирдан ажиллаж байна. Манай дүүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв 2024” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг манай төвөөс үзүүлдэг. Тухайлбал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас авахуулаад сургалт, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод сурталчлан таниулах, гадаадад гаргах зэргээр бүхий л дэмжлэг туслалцааг манай “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн хариуцан хэрэгжүүлж байна.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ хөнгөлттэй болон зөөврийн ажлын байраар хангаж байна. Дүүрэг өөрөө зээл гаргах эрх зүйн зохицуулалт байдаггүй учраас бид үндсэндээ холбон зуучлах ажлыг хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчдээ төсөл хөтөлбөр бичүүлэхээс авахуулаад зөвлөх үйлчилгээг үзүүлж, гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг буюу зээл гарах хүртэлх бүх процесст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай төвд 1000-аад үйлдвэрлэл эрхлэгч хамрагддаг. Манай дүүргийн онцлог гэвэл оёдлын салбарынхан олонтой, нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 50 хувь нь буюу 500-гаад нь оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ ч утгаараа нийслэлийн хамгийн том худалдааны төв болох “Нарантуул”-ын гутал болон оёмол бүтээгдэхүүний 50-60 хувийг Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж, нийлүүлдгээрээ онцлогтой.
-Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх гол ажлыг нугалж буй газар нь танайх болов уу. Энэ зорилтоо үр бүтээлтэй байлгахын тулд та бүхэн ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна вэ?
-Манай дүүргийнхэн энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан нь учиртай. Тухайлбал, дэлхий нийтэд тархсан цар тахал бүх салбарт хүндрэл учруулсан. Энэ хүндрэлийг манай дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн амссан. 2023 оноос үйлдвэрлэл эрхлэгчдэд арай таатай нөхцөл бий болсон учраас бид нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах үүднээс үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, ажлын байраа нэмэгдүүлэхийн тулд “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний үр дүнд мэдээж ажилгүйдэл, ядуурлыг багасгах үндсэн зорилготой. Нөгөөтэйгүүр бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжихгүй байгаагаас болоод валютын гадагшлах урсгал нэмэгдсээр байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байж бид энэ гадагшлах урсгалыг тогтоон барих учиртай юм. Ийм л үндсэн гол шалтгааны үүднээс “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын үе болох 2020-2021 онд уналтад орсон буюу ямар нэгэн байдлаар дэмжлэг хэрэгтэй байна гэдэг судалгааны дүн гарсан. Энэ салбарт зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон учраас бид гол бодлого чиглүүлсэн хэрэг. 2022 онд бид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах ажилд тусгайлан анхаарсан. Ингэснээр зургаан эх үүсвэрээс, 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зээл тусламжид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ хамруулж чадсан. Тэр дундаа тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэгийг ч олгосон. 2023 онд дараагийн алхам буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Улмаар гадаадаас хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллаж байна. Мөн шинэ технологийг үйлдвэрлэлийн процесст нэвтрүүлэх зорилтыг гол болгон төвлөрөн ажиллаж байна.
-Таны хувьд амаргүй цаг хугацаанд ажил хүлээж авсан юм байна. Ковидын дараа жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг танаас ихээхэн хамааралтай байж шүү дээ. Энэ төвийн даргын ажлыг хүлээн авснаас хойш бодлогын ямар ажлыг хийж, хэрэгжүүлэв?
-Намайг ажил хүлээж авахад буюу 2021 онд энэ төв маань “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төв” байсан. Тухайн үед дүрмийн хүрээнд энэ төв маань бойжуулах үйл ажиллагаа л явуулдаг байсан буюу өргөн хүрээг хамардаггүй байсан гэсэн үг. 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн хүрээнд үйлчилгээний салбарыг нэмж оруулсан. Ингэснээр өргөн хүрээнд ажиллах боломжийг нээж өгсөн. Үүний дагуу миний бие ажил хүлээн авсан даруйдаа дүрэм журмын тухайд нэлээд ажилласан. Манай салбарын хуулийг шинээр баталсантай холбогдуулан “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” болгон өөрчилж, үйл ажиллагааны хүрээг тэлсэн. Нэг ёсондоо бид өмнөх шигээ зөвхөн хөгжүүлэлт хийдэг биш бүх салбар, бүх төрлөөр дэмжиж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Дагалдах дүрэм, журмуудаа ч хууль, тогтоомжийн шинэчлэлд нийцүүлсэн. Ингэснээр яг хэрэгцээт хэсэгт нь хүрч ажиллах буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ зээл, тусламж, төсөл хөтөлбөрт түлхүү хамруулж эхэлсэн. Улмаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь олон нийтэд таниулахын тулд гадаад, дотооддын үзэсгэлэн худалдааг цөөнгүй зохион байгуулж, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байрны тоог нэмэгдүүллээ. Тодруулбал, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч гэртээ ажлын байрыг бий болгосон байдаг. Тиймээс бид үйлдвэрлэлийн процессыг гэрээс салгаж, хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байраар хангах нь зүйтэй гэж үзээд, үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтран ажиллаж байна.
-Ажлын байрнаас авахуулаад ажиллах хүчээ хэрхэн тогтвор, суурьшилтайгаар ажиллуулах вэ, хэрхэн авч үлдэх вэ гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг хүртэл үзүүлдэг хэрэг үү?
-Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг олон талт ажил. Гэтэл манай үйлдвэр эрхлэгчид гэрээ ажлын байр болгочихоод тэрүүхэн тэндээ л үзээд байдаг. Үүний цаана ажиллах хүчээ хэрхэн бүрдүүлэх, цаашлаад хэрхэн тогтвортой байлгах, үйлдвэрлэлээ хэрхэн, яаж өргөжүүлэх вэ. Брэндээ яаж үүсгэж бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хэрхэн хийх вэ гэх зэргээр өргөн хүрээтэй ажил шүү дээ. Үндсэндээ маш том маркетингийн ажил өрнөөд байгаа биз. Гэтэл манай үйлдвэрлэл эрхлэгчид энэ бүхнийг цогцоор нь харж, төлөвлөж чаддаггүй. Тиймээс манай төвийн зүгээс ажлын байрны зөвлөх үйлчилгээг түлхүү өгөх бодлогыг баримтлан ажиллаж байна. Ганцхан жишээ татахад, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч оюуны өмчийн талаар мэдлэг мэдээлэл багатай, өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлээгүй байдаг. Энэ талаар мэдлэг мэдээлэл өгөхөөс авахуулаад бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг байнга хөгжүүлж байх учиртай гэдэгт хүртэл зөвлөн тусалдаг. Энэ бүх процесст бидний зүгээс олон талын дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гадаадын үзэсгэлэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүн аваад явлаа гэхэд гаднынхан бол хамгийн түрүүнд сав, баглаа боодлыг хардаг. Тиймээс харагдах байдал хүртэл ямар чухал юм бэ гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ таниулж, мэдүүлэхийн тулд зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал нь боловсон хүчний хомстол. Тиймээс бид цаашид энэ асуудалд бодлогоор, тусгайлан анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзээд байна. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчлэд нийтлэг ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгийг судалж, хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчид маань бидэнд хандаж, саналаа тавина. Хувь иргэн компаниа байгуулаад ямар нэг үйлдвэрлэл эрхэлж эхэллээ гэхэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм уу эсвэл борлуулалт болохгүй байна гэж үзвэл яг тэр чиглэлээрээ тусламж дэмжлэг хүсэж бидэнд хандана. Бид түүнийнх нь дагуу бүх талын дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ бидний зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд нийтлэг байдлаар тулгамддаг асуудал болон үйлдвэрлэгчдийн зүгээс гаргаад байгаа асуудлын хүрээнд тусгайлан ажиллана. Товчхондоо бид судалгаа, тооцооллын үндсэн дээр гол ажлаа явуулдаг. Ингэж байж зорилтот хэсэгтээ хүрч, бидний дэмжлэг үр дүнд хүрэх учиртай юм.
-Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн шинэ шатыг та хэрхэн харж байна вэ. Тэдэнд ямар боломж байна, түүнд та бүхний зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байна вэ?
-Нэг үеэ бодвол манайхан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ харьцангуй сайн дэмждэг болсон. Тиймээс бид цаашдаа гаднаас төсөл, хөтөлбөр татаж, технологийн шинэчлэл хийх. Ингэснээр гаднын зах зээлд хэр хэмжээний тоглогч байж чадах вэ гэдгээ харах. Гаднын стандартад нийцүүлэх зэргээр хөгжлийн дараачийн алхмаа харж байна. Товчхондоо бид үйлдвэрлэгчээс экспортлогч болох том амбийцтайгаар үйл ажиллагаа явуулж, алсын хараагаа тодорхойлсон. Арьсан эдлэл үйлдвэрлэгчид гэхэд анх ямар малын арьс байсан, тухайн малын гарал үүсэл, арьс боловсруулалтын код гээд үйлдвэрлэлийн бүх процесс олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна. Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон улсад гаръя л гэж байгаа бол дэлхийн жишгийг дагахаас аргагүй. Тийм ч учраас бид үйлдвэрлэл эрхлэгчдэдээ шаардлага тавьж эхлээд байна. Олон улсад бол тухайн бүтээгдэхүүний QR код уншуулахад бүх түүх нь гараад ирдэг. Манайхан ч гэсэн энэ жишигт хүрэхээс аргагүй. Тиймээс технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах ёстой.
-“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” дүүргийн төсөв бүрдүүлэлтэд ямар оролцоотой ажиллаж байна вэ. “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн үр дүнг та өнөөдийн байдлаар хэрхэн дүгнэх вэ?
-Намайг ажил хүлээж авахад энэ байгууллага 370 сая төгрөгийн төсөвтэй байсан. Үүнээс ажилчдын цалин 70, ашиглалтын зардал нь 20 хувийг эзэлдэг. Харин даргын хувьд үйл ажиллагаа явуулах зардал ердөө л 10 хувь буюу 15 сая төгрөгийн төсөвтэй байсан. 15 сая төгрөгөөр бүтэн жилийн турш үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үйл ажиллагаа явуулна гэдэг боломжгүй шүү дээ. Тиймээс ажил хүлээж авснаас хойш бодлогын хэд хэдэн шинэчлэлийг хийж ажилласны хүчинд өнөөдрийн байдлаар манай төв нэг тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт хийх тооцоололтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн зүгээс манай төвийг, үйлдвэрлэл эрхлэгчдийг маш сайн дэмжиж ажилладаг. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж үздэг учраас дүүргээс бүх талын дэмжлэг үзүүлдэг. Энэ ч утгаараа энэ жилийг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Тоон мэдээлэл дурдахад, энэ онд гэхэд манай дүүрэгт 100 гаруй үйлдвэрлэл шинээр бий болсон байна. Харамсалтай нь эргээд 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа зогсоох жишээтэй. Тиймээс бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч ажиллаж байгаа. “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллалаа. Энэ онд гэхэд дотоодын 11, гадаадын таван удаагийн үзэсгэлэн худалаа, хамтын ажиллагааны цогц үйл ажиллагааг зохион байгуулж, 290 үйлдвэр эрхлэгчийг оролцуулж, 1.265.552.900 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн үйлдвэрлэлийг кластерт оруулж хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Жишээлбэл, оёдлын салбарт 3-4 мянган ширхгийн захиалга орж ирдэг. Энэ тохиолдолд томоохон компани эсгүүрээ хийгээд стандартаа тавьчихвал бусад аж ахуйн нэгжээрээ оёулчихна. Ингэж кластерт оруулах боломж нээгдэх юм. Жижиг дундын салбар маань том компаниудаа дагаж жижгүүдээ кластерт оруулж хөгжүүлэх боломжтой. Энэ ч үүднээс бид даавуун хэвлэлийн машиныг оруулж ирсэн. Даавуун дээр өнгө, бичвэр, дүрсийг шууд хэвлэнэ гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ төрлийн хэвлэлийг БНХАУ руу явж хэвлүүлдэг. Тэгэхээр бидэнд ийм том зах зээл байгаа учраас кластерынхаа түвшинд нэвтрүүлээд дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ төрлийн хэвлэлийн үйлчилгээг хямдралтай байдлаар үзүүлж явах нь зүйтэй гэж үзсэн. Хэвлэлийн технологийг олон улсын түвшинд хүргэх ажлыг манай дүүрэг улсын хэжмээнд анхлан хийж байгаа нь энэ юм.
-Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлдээ жишиг болохуйц хэмжээнд хүрчээ гэж ойлголоо. Энэ төвийн хөгжлийн дараачийн шатыг та хэрхэн харж байна вэ?
-Одоо бид боловсролын салбартай нягт хамтарч ажиллахаар зорьж байна. Жижиг дундын салбараас юун боловсрол болоод явчихав гэж магадгүй. Тэгвэл үйлдвэрлэл эрхлэхэд мэргэшсэн боловсон хүчин бол салбар бүрд асар чухал. Оёдолчин гэхээр оёдлын машин ажиллуулж юм оёж чаддаг хүн гэж ойлгодог. Гэтэл оёдол дотроо олон янз байхаас гадна товч, шилбэ, ханцуйг хэрхэн оёх вэ. Энэ шат дамжлага бүр өөр учраас түүнийг хийж бэлтгэх мэргэшсэн боловсон хүчин чухал байгаа юм. Харамсалтай нь энэ чиглэлээр сурсан нь цөөн, сургадаг нь ч цөөн болчихоод байна. Бодит байдал харахаар оёдолчноор ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн өөр мэргэжилтэй байдаг. Багш, хуульч мэргэжил эзэмших гэж цаг хугацаа, мөнгө төгрөгөө зарцуулчихаад ажил, ажлын байр олдохгүй болохоор амьдралын эрхээр оёдол хийгээд сууж байх жишээний. Гэтэл ингэж биш анхнаас нь энэ хүмүүсийг оёдол, мужааных нь чиглэлээр бэлдэж сургаад ажлын талбарт гаргавал бүтээмж өсөх гээд байна шүү дээ. Өнөөдрийнх шиг хүн авчраад сургадаг биш, сурчихсан мэддэг хүн авчраад шууд ажиллуулбал бүтээмж хамаагүй өндөр байна. Тиймээс эхний ээлжид технологийн шинэчлэлд шилжих ажилд түлхүү орно. Цаашлаад боловсон хүчний бодлогод цогцоор анхаарах шаардлага байна. Манай улсад жижиг, дундын салбарт ажилладаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг цөөхөн хэдэн сургууль байна. эдгээртэй хамтарч ажиллахаар зорьж төлөвлөж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/