Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн газрын албаны ажилтан, албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Дүүргийн газрын алба 2023 онд 5 бүлэг ажил төлөвлөн амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Газар зохион байгуулалтын чиглэлээр нийт 3629 өргөдөл ленд менежер системээр бүртгэгдсэнээс дүүргийн Засаг даргын захирамжаар 2680 иргэний өргөдлийг шийдвэрлэж, 265 иргэнд боломжгүй хариу хүргүүлж нийт 2945 өргөдөл шийдвэрлэжээ. Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 5 байршилд 29 тоосгон гарааш, 12 байршилд 852 метр хашаа, хайсыг нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар буулган газар чөлөөлсөн байна.
Мөн дүүргийн Газрын албан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн бүсийн орц гарцыг нэмэгдүүлж, “Шадивлан” амны байршлыг төлөвлөлтийнг дагуу жишиг ам болгох зорилт тавин ажиллаж байна. Төлөвлөлтөд 619 нэгж талбар өртсөн, үүнээс 257 нэгж талбарын хашааг буулган, эргүүлэн барих ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийт зөрчилтэй 37 талбарт ажилласнаас эргэлтийн цэг тэмдэгтээс хэтрүүлэн хашаа барьсан 12 талбарын хашааг татуулж, шадивлан амны төлөвлөлтөд өртсөн 23 нэгж талбарыг дүүргийн Засаг даргын Захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулан ажиллажээ.
Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, газрын бүртгэлийн мэдээллийг сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж ажиллах үүрэгтэй. Засаг дарга Н.Батсүмбэрэл нийт газрын албаны ажилтан, албан хаагчдад иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, газартай холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй хүргэх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.