Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2024.03.01/ боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.
Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн халиа тошин үүссэн газруудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлын хангах чиглэлээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг гишүүдэд танилцууллаа.
Мөн гэмт хэргийн гаралт, авч хэрэгжүүлж буй ажлын талаар цагдаагийн байгууллага, дүүрэгт хийгдэж буй ажлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл танилцууллаа.
Хаврын улирал болж цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, 24 цагаар үүрэг гүйцэтгэх, хариуцлагатай жижүүрийг томилон ажилуулахыг дүүргийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо.
Цагдаагийн байгууллагатай хамтран эмзэг цэгийн судалгааг гаргах, дээрх цэгүүдэд хяналтын камержуулалт хийх ажлыг ханга, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатанд анхаарч ажиллахыг даалгалаа.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, цахилгааны аюулгүй байдлыг хангаж, айл өрхүүдэд санамж, зөвлөмж хүргүүлж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.