Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн “Хос уянга” клубын сурагчдын “Эрдэм” монгол бичгийн үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн болон багш, сурагчид оролцлоо.
23 дугаар сургуулийн “Хос уянга” клуб 14 жилийн өмнө анх байгуулагдаж байсан бөгөөд энэ хугацаанд 3 удаа уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан юм. Анхны бүтээлийн үзэсгэлэн “Айсуй”, удаах нь “Тэмүүлэл” нэртэйгээр гаргаж байсан бол энэ удаагийн үзэсгэлэнг “Эрдэм” нэртэйгээр өргөн барьж байна.
Үзэсгэлэнд “Хос уянга” клубын 30 гаруй сурагчдын бүтээл, уран бичлэгийг толилуулж байна.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.