Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, БНСУ-ын “Green” эмнэлэгтэй 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дүүргийн 1-24 дүгээр хороодын хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тохиролцсон.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Бүгд найрамдах Солонгос улсын “Green” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид Дүг” өрхийн эрүүл мэндийн төвд дүүргийн хүүхэд багачуудад энэ сарын 13-17-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, оношилгоо хийж ажиллах юм.Засаг дарга Н.Батсүмбэрэл “Green” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх, туршлага судлуулж ажиллах хүсэлтэй байгаагаа нээлтийн үеэр илэрхийллээ.
БНСУ-ын “Green” эмнэлэг өнгөрсөн онд дүүргийн 1720 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бөгөөд энэ жил 1850 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ оношилгоо хийхээр ажиллаж байна.