“Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн Үндэстэн Холбоо”, НҮТББ-ын 6 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын дөрвөн төрөлт тэмцээн 2023 оны тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд гар утас худалдан борлуулдаг 11 худалдааны төвийн баг тамирчид оролцож гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний; Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Н.Мөнгөн-Эрдэнэ ахлагчтай “Tеди” төвийн баг, эмэгтэй төрөлд “Tеди-2” төвийн Д.Ариунтуяа ахлагчтай баг, Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Теди” төвийн баг, эмэгтэй төрөлд Ц.Жавзандулам ахлагчтай баг, Ширээний теннисний эрэгтэй төрөлд Хархорин төвийн тамирчин Г.Галдандорж, эмэгтэй төрөлд “Mobi shop” төвийн тамирчин Д.Одонтунгалаг, Дартсын эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Т.Болортунгалаг нар аваргалж алтан медалийн эзэд боллоо.
Онооны нийлбэр дүнгээрээ “Теди” төвийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах аваргын цомыг хүлээн авлаа.
Гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Л.Гомбосүрэн, Б.Алтанзагас, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогчоор Б.Нямхүү, Б.Алтанзагас нар шалгарлаа.
Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дэмжсэн бөгөөд баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв. Амрах завгүй ажилладаг бизнес эрхлэгчид маань хоёр өдөр спортоор нөхөрлөж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ. Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд олс таталтын тэмцээн явагдсан юм.