Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ишида Эрико, Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүки тэргүүтэй нийгэмлэгийн гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид долоодугаар сарын 1-5-ны хооронд Чингэлтэй дүүрэгт айлчилж, ажиллалаа.
Айлчлалын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан дүүргийн Онцгой байдлын хэлтэс мөн Хайрхан хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулж, Яйзү хот, Чингэлтэй дүүргийн "Хамтын найрамдлын бичил төгөл"-ийг байгууллаа.
Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгээс дүүргийн Биеийн тамир, спортын хороонд сумогийн дэвжээ бэлэглэж, Монгол, Японы төрийн дууллыг эгшиглүүлэн, хүүхэд багачуудтай сумо бөхийн талаар ярилцаж, сумогийн мэх, хичээл бүхий DVD-г гардуулан өглөө.
Дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, Чёккүра Яйзү хотын иргэдийн бүлэгтэй хамтран “Сүхийн цагаан морь” гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэгүүдийг долоодугаар сарын 03-ны өдөр шалгаруулж гарын бэлэг, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийж, үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ авах, бараа бүтээгдэхүүнийг борлуулах талаар судалж, хамтран ажиллахаар санал солилцлоо.
Цаашид Чингэлтэй дүүрэг болон Яйзү хот нь хамтын ажиллагааныхаа хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажилтан болон сурагч солилцоо, соёл урлаг, спортын нөхөрсөг тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.