Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө.

viber image 2023 08 14 13 47 30 664

Тэрбээр: -Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон. Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

viber image 2023 08 14 13 47 31 743

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС