Чингэлтэй дүүргийн Насан туршийн боловсролын төвийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Иргэн бүр насан туршийн суралцахуйн үйлчилгээнд хамрагдах тэгш боломжийг бүрдүүлэн, насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, суурь тогтолцоог шинэчлэхийг энэ хичээлийн жилд зорилгоо болгож буй тус төвд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл таван ширхэг суурин компьютерийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө.
Энэ үеэрээ тэрбээр “Насан туршийн боловсролын төв нь нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдлэг, ур чадварыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр хүүхдүүд болон насанд хүрэгчдэд олгох зорилготой. Иймдээ ч энэхүү зорилгыг бодит ажил болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор өмнө таван ширхэг зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн бол энэ удаад суурин компьютеруудыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч байна.
Ингэснээр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт, бичиг үсгийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон тусгай хэрэгцээт боловсрол олгоход тус дэм болох юм” хэмээн онцоллоо.