Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр хороодын хэсгийн ахлагчидтай уулзлаа. Чингэлтэй дүүрэгт 213 хэсгийн ахлагч ажиллаж байна.
Засаг дарга Н.Батсүмбэрэл уулзалтад оролцогчдод дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6 зорилт 179 арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг зориулалтын эмнэлгийн байргүйн улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж суурилах боломжгүй. Тиймээс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхээр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55 нэгж талбарт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлтийг хийсэн. Энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эрүүл мэндийн төв эмнэлэг барих ажил ирэх жилээс эхлэх юм.
Мөн дүүргийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа нэг ажил бол “Ногоон бүс”. Дүүргийн 1-3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбайг камержуулж уг төсөл эхэлж байсан бол одоо дүүргийн нутаг дэвсгэрийн 117 цэгт 1857 камер ажиллаж байна. “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн жишиг ажил болсон юм.
Иргэд, олон нийтэд хамгийн ойр ажиллаж буй хэсгийн ахлагчдын дэвшүүлж буй саналыг ажилдаа тусган хамтран ажиллана гэдгээ Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.