Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо.
Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгаа боловч гэр хорооллын зарим өгсүүр замуудад давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад бэлэн байдлыг хангах, золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Мөн хогны менежментийг сайжруулж, хог тээвэрлэлтийн компаниудад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг хэллээ.
Харин дүүргийн удирдлагуудын зүгээс зам талбайн цасыг цэвэрлэх, хороодын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн байгууламжийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах, галын аюул, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.